• Marketing Newsletter
  • Posts
  • ☝️ 2023 онд манай маркетингийн имэйлүүд нийт 403,4 мянган удаа уншигджээ!

☝️ 2023 онд манай маркетингийн имэйлүүд нийт 403,4 мянган удаа уншигджээ!

Дижитал маркетингийн томчуудын нэг Neil Patel 2024 оныг хэрхэн харж байна?

Өдрийн мэнд. 12-р сар дундаа оржээ. Манай имэйл товхимолыг энэ жил хэдэн хүн, хэдэн удаа нээж уншсан бол?

Ингэхэд та өдөрт дунджаар хэдэн имэйл товхимол-newsletter уншиж байна?

Ямартай ч, манай 7 хоног тутмын маркетингийн шинэ мэдээллийн имэйл товхимолыг тогтмол уншдаг танд баярлалаа.

2023 онд манай илгээсэн маркетингийн имэйлүүд нийт 403,4 мянган удаа уншигдаж, имэйл хүлээж авдаг маркетерүүдийн тоо оны эхэнд 19800 байсан бол яг одоо таныг оролцуулаад 28900 хүнд энэ удаагийн дугаар маань хүрч байна. Дахин баярлалаа!

2024 онд ч илүү үнэ цэнтэй мэдээллийг тогтмол хүргэж байхыг хичээх болно.

Энэ удаагийн дугаарт:

- 2023 онд ямар апп хамгийн их татан авалттай байна?

- Өсвөр үеийнхэн ямар сошиал медиаг сонгон ашиглаж байна?

- Дижитал маркетингийн томчуудын нэг Neil Patel 2024 оныг хэрхэн харж байна?

Apple 2023 онд хамгийн их татагдсан аппуудын жагсаалтыг гаргажээ.

Мэдээж хамгийн өндөр хэрэглээтэй сошиал медиа аппууд Threads-н хамт эхний 10-т багтсан ч 1-т Temu: Shop Like a Billionaire, 2-т CapCut - Video Editor хамгийн өндөр татан авалттай ҮНЭГҮЙ аппуудыг тэргүүлжээ.

Энэ жилийн хар баасан гаригийн хямдралын үеэр Temu хэмээх онлайн худалдааны аппын татан авалт асар хурдтай өссөн гэнэ. Онлайн худалдааны хамгийн эрэлттэй газруудын нэг болж байгаа бололтой.

Хамгийн эрэлттэй ҮНЭГҮЙ iPhone апп

  1. Temu: Shop Like a Billionaire

  2. CapCut - Video Editor

  3. Max: Stream HBO, TV, & Movies

  4. Threads, an Instagram app

  5. TikTok

  6. Instagram

  7. Google

  8. YouTube: Watch, Listen, Stream

  9. WhatsApp Messenger

  10. Gmail - Email by Google

Хамгийн эрэлттэй төлбөртэй iPhone апп

  1. Shadowrocket

  2. HotSchedules

  3. Procreate Pocket

  4. The Wonder Weeks

  5. 75 Hard

  6. AutoSleep Track Sleep on Watch

  7. Goblin Tools

  8. TonalEnergy Tuner & Metronome

  9. SkyView

  10. AnkiMobile Flashcards

Өсвөр үеийнхэн хаана цагаа өнгөрүүлж байна?

АНУ-ын Pew Research Center хэмээх судалгааны төв өсвөр үеийнхний дунд сошиал медиа хэрэглээний талаарх судалгаа хийжээ.

YouTube, TikTok, Snapchat өсвөр үеийнхний хамгийн их сонгон ашигладаг сошиал медиа аппаар тодорсон бол Facebook, X (хуучнаар Twitter) 2-н хувьд хэрэглээ нь буурсан гэнэ.

Ялангуяа Facebook-н хувьд хэрэглээний огцом бууралттай гэсэн үр дүн гарчээ. 2014-2015 онд өсвөр үеийнхний 71% Facebook ашигладаг байсан бол 2023 онд энэ үзүүлэлт ердөө 33% болж буурсан байна.

2024 оны дижитал маркетингийн тэргүүлэх чиг хандлагууд

New York Times-н шилдэг борлуулалттай номын зохиогч, Forbes-н шилдэг 10 маркетерийн нэг, Entrepreneur сэтгүүлийн 100 шилдэг контент бүтээгчдийн нэг, дижитал маркетингийн шилдэгүүдийн нэг Neil Patel 2024 оныг хэрхэн харж байгааг товчлон хүргэж байна.

Тренд №1: Компаниуд блогоос илүү подкаст хийж эхэлнэ.

Мэдээж блог, подкаст аль алийг нь л хийх нь зөв. Гэхдээ…

Одоогоор нийт 1 тэрбум блог байгаа бол дэлхийн хүн амын тоо 7.8 тэрбум. Энэ нь 7.8 хүн тутамд 1 блог ногдоно гэсэн үг.

Харин нөгөө талаас одоогоор 4.2 сая подкаст хийгдэж байна. Энэ нь 1857 хүн тутамд 1 подкаст хийгдэж байна гэсэн үг.

Тренд №2: Компаниуд хэрэглээ багатай сошиал медиад цаг зарцуулж эхэлнэ.

Хэдийгээр Facebook, YouTube, Instagram хамгийн өндөр хэрэглээтэй ч сурталчилгааны зардлын өгөөж хамгийн өндөр нь биш.

Доор сүүлийн 30 хоногт сурталчилгааны зардлын хувьд хамгийн өндөр өгөөж өгсөн сошиал медиаг жагсаав.

  • X - 6.8

  • Pinterest – 5.2

  • Snap - 4.9

  • TikTok – 4.1

  • YouTube – 3.9

  • Instagram - 3.3

  • Facebook - 3.2

  • LinkedIn – 2.6

Тренд №3: Брэндээс бусад маркетингийн хамгаалалт байхгүй болно.

Жордан пүүзийг бусдаас онцгой болгодог зүйл бол чанар биш. Өндөр чанартай маш олон сонголт бий. Харин брэнд (лого) л бусдаас онцгой болгож байгаа юм.

Технологийн тусламжтайгаар өрсөлдөгчдийн бүтээгдэхүүнийг хуулбарлахад хялбар болсон.

Тэгэхээр таны хувьд үлдэж буй зүйл нь танай брэнд.

Тренд №4: Контент бичих арга барил өөрчлөгдөнө.

2 төрлийн чиг хандлага ажиглагдаж байна.

Эхнийх нь: Гүүглийн хайлтын хамгийн эхэнд 2300 үгтэй нийтлэлүүд жагсдаг байлаа.

Дараа нь 1447 үгтэй нийтлэлүүд байрлах болсон.

Харин одоогийн байдлаар тэргүүлж буй нийтлэлийн дундаж уртыг салбараар нь доорх графикаас харна уу.

Тиктокаас шалтгаалсан үзэгдэл. Дундаж хэрэглэгч өдөрт 95 минутыг богино хэлбэрийн контент үзэхэд зарцуулдаг.

2 дахь чиг хандлага нь хүний бичсэн контент хиймэл оюун ухаанаар бичигдсэн контентыг давж гарах болно.

Нийт хайлтын 94.12%-нд нь хүний бичсэн контент, хиймэл оюун ухаанаар үүсгэсэн контентын дээр байршиж байна.

Neil Patel-н энэ талаар жиргэсэн жиргээг эндээс.

Бид юу хийдэг вэ? Бизнес эрхлэгчдэд хэрхэн туслаж чадах вэ?

1. Сошиал медиа маркетингийн стратеги, төлөвлөгөө, контент бэлтгэлийн талаар зөвлөгөө өгөх;

2. Байгууллага, бизнес эрхлэгчдэд зориулсан Facebook, Instagram төлбөртэй сурталчилгаа-бүүст үр дүнтэй хийх талаарх сургалт хийх;

3. Дижитал маркетинг, борлуулалт, хэрэглэгчийн үйлчилгээний бүхий л харилцаагаа удирдах bitrix24 цогц шийдлийг бизнесийн байгууллагуудад нэвтрүүлэх;

4. Facebook, Instagram чатбот хөгжүүлэлтийн цогц үйлчилгээг танд санал болгож байна.

— Ч.Баатарчулуун